Бараан зүүднээс явсан, Баярлалаа
Маш олон хүнтэй би нэг үед нэг замаар алхаж явлаа. Заримтай нь зам нийлэхгүй салж, заримаас нь зүгээр л зөнгөөрөө холдож, заримыг нь ойлгож чадалгүй, харин заримд нь өөрийгөө ойлгуулж амжилгүй явсаар цөөхөн хэдэн хүмүүстэй одоо ч гэсэн цуг алхсаар л байна. Бүх зүйл туршлага болоод үлддэг хойно, түүгээр амьдрал бүтдэг учраас, туулаад өнгөрсөн замыг “Муу зам”, “Сайн зам” гэж ялгалгүй ганцхан олдсон амьдралын минь тэр л өдрүүдэд хамт байсан чамд баярлалаа гэж тэр хүмүүст хэлмээр санагддаг аа…..
Итгэл хүлээлгэж инээлдэн суух тух минь гэж бодтол ухаанаа хурцлан байж өрсөлдөгчөө гэж онилсныг чинь би мэдсэнгүй ээ. Итгэлийн дугуй гэрлийг спортын дэвжээтэй зүйрлэчхээд инээмсэглэн эргэхэд эргүүлээд далаар минь цэвэр тавина гэж даанч санаагүй юмсан. Баяслаар дүүрэн он жилүүдийг тэмцээний талбар гэж харсныг чинь нөхөрлөлийн нандин үетэй эндүүрч явсандаа инээд хүрнэ, эсрэгээрээ гомдол төрнө. Баяр хүргэж гар барихдаа, айдаст автан хөтлөлцөн гүйхдээ, санасан гээд энгэрт наалдахдаа барьц хайж тэмтчиж байсан хэрэг үү? Баталгаатай ганцхан барьц олох гэж яасан олон жилийг зарцуулаав дээ.
Өнгөрсөнд үлдсэн сайхан бүхнийг, өрөөлөөс өмөөрсөн нандин бүхнийг, ирээдүйд хамтдаа гэсэн итгэл бүхэнтэй минь эргэлзэлгүй чи шалтай наасаан. Ховхрох вий гэсэн дээ бас нэлээдгүй хэд дэвслээд бахдалтай нь аргагүй инээд алдан цээжээ дэлдэж билээ. Чадсаан чи чадсан, тэр үед бид биш чи чадсан, хүсэл чинь биелсэн, бүр хүрээд илүү гарсан найз минь !
Итгэлийг би сэтгэл гэж боддог болохоор үйлдэлд чинь … үнэнтэй эвлэрч тэнд нь орхиод, бусдыг чамтай адилтгаагүйнхээ хариуд гурван ч удаа цээж рүүгээ давтуулж үзсэн шүү найз минь.
Мэдэрч үзээгүй өвдөлтийг мэдрүүлсэн чамд баярлалаа, тэнэгхэн ч гэлээ бусдад итгэх итгэлээ орхилгүй тэврээд үлдсэн өөртөө талархъя.