Би бол
Би бол гэгээн бүхнийг бүтээлцэнэ гэж бүдэгхэн амьдралаас эхлэлээ тавин хайрын галд итгэлээ бататгасан эгэл жирийн хосын үр.
Амьдрал ийм, энэ замаар ингээд алхаарай гэж хос хоёр үг дайгаагүй ч тэдэнтэй өнгөрүүлсэн он жилийн тохиол бүхний үр дүн хэрхэн амьдрахыг минь тодхон бөгөөд ойлгомжтой чиглүүлдэг.
Дутуугүй өссөн эмэгтэй эр нөхрөөсөө элдэв зүйл нэхсэнгүй, эргэж буцах эргэлзээ ч төрсөнгүй. “Байгаадаа сэтгэл хангалуун байсаан, байхгүй болохгүй байна гэж огтхон ч бодож байсангүй” гэх гэргийн үг гэрийн эзний хайр хангалттайг илтгэж, охины сэтгэхүйд “байгаад талархаж өөдрөг байх” үзлийг гүн үлдээжээ.
Гэрийн эзний нийтэч байдал хосын амьдралд өнгө нэмнэ. Алиа хошин зан амьдралд ирэх хүндхэн бүхнийг хөнгөн мэт мэдрүүлж түрхэн зуурч гэлээ гуниг үргээнэ. Аавын зан охиноор үргэлжлэх ч ахин нэг занд нь шунана. Өрөөлийн асуудлыг өөрийнх биш гээд үлдээчихдэггүй хүн гэх бодгалиас цухалзах хүнлэг сэтгэл, хүн чанарт нь…
Үгээр биш үйлдэл, үр дүнгээр үлгэрлэсэн тэдний үнэн сэтгэл, хүн чанар нь л шунал хүргэм байдаг даа.
Байгаад талархах охины сэтгэхүй өөрт байгаа үнэн сэтгэл, хүн чанар хоёроо голсонгүй ээ.