_gsupen_
2 min readJan 19, 2022

--

Танилцаж амжсан тэр эмэгтэй

Хэзээ нэгэн цагт хэн нэгэн түүнд “чи бол амьдралыг өнгөтөөр хардаг, өөдрөг хүн” гэж хэлсэн гэдэг.

Үнэхээр өнгөтөөр хардагтаа юу? Амьдрал түүнд бараан төрхөө харуулаагүйд үү.

Амьдрал өнгө өнгөөр солонгорон харагдах нь сайхан ч аль өнгө хувиралд оролгүй үнэнээрээ байгааг ялгахад бэрх гэнэлээ;

Өнгө алгалах нь үзэмжтэй ч содон өнгө ховор гэнэ,

Тэр хүсээгүй ч амьдрал гэх үзэмжний цаадах содон өнгийг олох хүндхэн сорилт тулгарч гэнэ,

Хоромын төдийд тэнгэр бүрхэж өнгөт амьдрал үнэсэн саарал өнгөнд хучигдан түнэр харанхуйд ганцаар автжээ,

Үнэсэн саарал амьдрал сар гаран үргэлжилхэд айдаст автсан ч хөдлөх зориг нь мохоогүй гэнэ

Нулимс дуслуулах төдийхөн л унтарчих бүдэгхэн тусах нэгэн дэнлүү түүний замыг гэрэлтүүлнэ,

Айдас гоморхол цийлгэнэх ч дэнлүүгээ алдахгүйн тул сэтгэл оюунаа чангалсан хэвээр,

Харанхуйд удаан атиралдахгүйн тулд саяхан өнгө алаглаж байсан саарал амьдралаас АЛИВААД БҮРЭН АВТАХГҮЙ БАЙХ, СЭТГЭЛЭЭ ЧАНГАЛАХ, УГТАА УЙЛАВЧ ӨНГӨЦ ИНЭЭМСЭГЛЭХ содон гурван өнгийг мөлхөж, өнхөрч, мацаж, тэмтрэн байж олсон гэнэлээ.

Саарал өнгө үүрийн гэгээнд автахад амьдрал Бараанаас цайвар, Цайвраас хурц тод хүртлээ эмх цэгцэд орчихож гэнэ,

Саарал амьдралын тэргүүнд ИТГЭЛ НАЙДВАР гэх бичил өнгө гялалзаж гэнэлээ.

…Сэтгэл оюунд нь мэдээ орсон өдрөөс өнөөдрийг хүртэл хамт байсан ч тэр эмэгтэйтэй танилцаад би гайхсан,

Айлын ганц охин ч гэлээ хэлээ хазаж, гоншигнолгүй өссөнийг нь би бас тэд мэднээ…

Хорин хэдтэй залуухан бүсгүй хос баганын нэгийг сэхээний үүдэнд сар гаран сахьсан хугацаагаа бүрхэг тэнгэртэй зүйрлэн надад ярьсан түүх энэ.

🌈Харанхуйг гэрэлтүүлэн бүдэгхэн тусах тэр ганц ДЭНЛҮҮ НЬ ТҮҮНИЙ ЭЭЖ, амьдрал гэх өнгөний хоршлын тэргүүнд эрэмбэлэгдсэн ИТГЭЛ ГЭХ СОДОН ӨНГӨ ТҮҮНИЙ ААВ ажээ.

…Танилцаж амжсан тэр эмэгтэй…

…Тэр эмэгтэйн аав миний аав байсийм, танилцаж амжсан тэр эмэгтэй…

--

--

No responses yet